Өнгөт талын нисдэг солонго шиг
Өргөн нугын ганган эрвэйхэйд
Цэцэг дамжин бал цуглуулдаг
Цэцэн билэгт зөгий дурлажээ...
Азтай гэхүү тэр нэг өдөр
Ажилчин зөгий баланд согтоод
Хаа хамаагүй гуйван ниссээр
Хонгорхон эрвэйхэйг налан уналаа...
Өр зөөлөн хээнцэр нэгэн
Өргөст хатгуулсан ч тэвчин тэврээд
Аз жаргалын бүлээн балыг
Аманд нь дусааж түүнийг сэрээлээ...
Саранд нойрсож наранд сэрсээр
Сар хоног өнгөрч байтал
Хар толгойн баасны ялаа
Хэдэр зантай хэдгэнтэй нийлж
Явуургүй муу арга сүвэгчлэн
Янз бүрээр хор хийнэ...
Үзэсгэлэнт эрвээхэйн өнгө гундаж
Өнөөх хоронд хүч алдавч
Үнэн сэтгэлээ үргэлжид гээлгүй
Үүрэндээ тогтолгүй зөгийд тэмүүлнэ...
Залуу зөгий гэнэ алдаж
Зальтай хэдгэний ятгалганд орон
Зөгийн улсын хууль ёсыг бодож
Зай барин холуур ниснэ...
Хагацал нь гуниг үлдээж
Харуусал нь шаналал авчирч
Зовлон далай мэт үерлэн
Сэтгэл нь шөнө мэт харанхуй...
Бусдад буруутгагдах жаргал
Өөрт гунигтай бусдын инээмсэглэл
Мөнх биш энэ амьдралд
Хэзээ тэд хамт байх вэ гэж
Хөөрхий зөгий бодсоор...